Сэтгэл гутралын завинд суучихлаа…

Terguunjargal Jane
4 min readAug 15, 2022

--

Photo by Alonso Reyes on Unsplash

Амьдралыг аугаа том хөлөг онгоц гэж бодвол би суучихсан яваа. Алс хол хаа юм бүү мэд хүрэх энэ онгоцонд суух сонголтыг анхнаас нь надад өгөөгүй ч аль өрөөнд орох вэ, хэнтэй нөхөрлөх вэ, хэнийг хайрлах вэ гэдэг хязгааргүй сонголтыг надад өгсөн. Өлсөөд үхэх үү, тэмцэх үү, хамгийн дээд давхарт далай ширтэн дуртай дуугаа сонсон аялах уу, эсвэл завинд суугаад зам салах уу, аль эсвэл бүр эсрэг чиглэлд сэлүүрдэх үү гэдэг сонголтууд надад байгаа.

Энэ аялал эхэлчихсэн, хэр удаан үргэлжлэхийг нь мэдэхгүй ч жам ёс байгалийн хуулиараа бол дор хаяж 80+ жил үргэлжилнэ. 80 хүрсэнгүүд нь эхнээсээ хөлөг онгоцноос энхийн замдаа одно. Тэд жаргалтай эсвэл зовлонтой газарлуу явж байгааг мэдэхгүй ч зарим нь 37 наслаад л хорвоог орхино. Ах маань дөнгөж 37 нас хүрээд энхийн замдаа одсон. Тэр нас барахаасаа өмнө юу бодож байсан бол, түүнийг ханьдаа хайрлуулдаггүй ч үргэлж инээж явдаг байсан нь нүдэнд харагддаг юм. Хамгийн сүүлийн өдрүүддээ тэр юу бодож явсан бол, сэтгэл нь ямар их шаналалаар дүүрэн байсан бол, ямар бодол, ямар шийдвэр түүний тархинд цус хураасан юм бол оо…

Дотоод сэтгэлийн хүч

Уйтгарт бодол, сэтгэл гутралын завинд суучихвал хүн хэсэгтээ л эргээд хөлөг онгоцондоо сууж чаддаггүй бололтой. Бүр магадгүй тэр завь нь өөр зүгрүү залаад амьдралын хөлөг онгоцноосоо төөрч орхидог бололтой.

Би бүх зүйлийг сайн хийдэг. Бүр хичээнгүйлэн сайн хийхийг хүссэн зүйлсээ маш сайн хийх дотоод чакратай.

Энэ их сэтгэлийн хүч амьдралын хөлөг онгоцыг урагшлуулж, мөрөөдөл маань хүрэх газрыг маань тодорхойлж, сэтгэлийн мухар дах итгэлийн гэрлээгээ замаа гэрэлтүүлэн явнадаа.

Итгэл

Заримдаа зүгээр л итгэхээс өөр арга байдаггүй юм шиг санагддаг.

Ойрын 2 сар гэхдээ сэтгэл гутралд орчих вуу яачихав. Хийж буй бүхэндээ хангалтгүйгийн дээр өөртөө болоод бусдад туслаж чадахгүй байгаадаа уур хүрч, суусан завьны маань шал цоорчихсон юм шиг нэг хар нүхрүү л татагдаад юу ч хиймээргүй, юу ч идмээргүй, хааяа бүр юу хамаагүй идээд энэ биеэ дэлбэлчихмээр, маргааш нь шанална гэдгээ мэдсээр байж хаашаа юм явмаар санагдаад байх боллоо.

Нэг л хангалтгүйгийн дээр зааварчилгаагүй энэ амьдралыг хаашаа удирдахаа мэдэхгүй болчихлоо.

Надад илрээд байгаа сэтгэл зүйн шинж тэмдэгүүд бол

“Eat pray love” дээр гардаг шиг cайхан хоол идэж сайхан байгаль харахын гоо үзэсгэсэнг, хэн нэгний инээмсэглэлийн ид шидийг мэдэрхээ больчихлоо. Юманд анхаарч төвлөрөхийг хүсэхгүй болоод байх юм. 15 минут илүү кино үзэж чадахгүй, бүр ямар ч сайхан кино байсан ч үзэх хүсэл төрөхгүй, хамгийн дуртай подкастаа сонсохоос цааргалаад л. Хааяа харин өөрийгөө олох гээд номын хуудас эргүүлэх чин хүслээ бол орхиогүй байна.

Өдөрт 4литр кофе уумаар, огт унтмааргүй эсвэл 4 цаг дасгал л хиймээр, эсвэл өчнөөн цаг зөвхөн бичлэг янзалж суумаар ч юм шиг тогтворгүй сэтгэл зүй маань дотроос минь хатгаад хоол л бодогдох боллоо. Өглөө босоод юу идэх үү, өдөр юу идэх үү л гээд зөвхөн хоолны тухай хэт туйлшран бодно. Идэхийг хүссэн зүйлээ идсэн ч цадахгүй, цадчихвал яагаад ингэж их идсэнээ бодон шаналаад байна.

Яагаад вэ гэвэл би бараг 3 сар шахуу нүүрс ус багатай хоолны дэглэмтэй чихэрний хэрэглээгээ таначихсан байсан юм. Хөөрхий глюкозоо дэндүү санасан миний тархи ходоод хоёр одоо сэтгэл зүйг маань дэлбэлж байна. Дээрх 3 сарын дэглэмийн ачаар би өмнө хэзээ ч байгаагүй гоё биетэй болсон. Зурчихсан юм шиг нарынхан бэлхүүс, хэвлийн булчин, нуруу хөл гээд бүх юм дэндүү гоё болсон. Харин дэглэмээ дуусгаад эргүүлээд энгийн хоолоо хэтрүүлээд идчихсэн чинь 7 хоногт 5 кг нэмээд шууд л хайран хөдөлмөр маань яарин болсон учраас уур ч хүрэх шиг, инээд ч хүрэх шиг, эргүүлээд идээд л байдаг юм байна. Энэ мэт жижиг сажиг асуудлууд өөртөө үүсгэсэн хүлээлтийг маань нураагаад байгаа учраас идсээр байгаад бүдүүн эгч болчихдог ч юм билүү ч гэж бодогдоно.

Зүгээр л яахаа үл ойлгоно, ойлгохыг хүсэхээ больсон байна. Ядраад амарч чадахгүй ч ажилламаар байх юм…

…Яг энэ бодлууд бол 2022 оны 5 сард төрж байсан бодол мэдрэмжүүд. Постлох уу хадгалах уу гэж бодсоор 8 сарын дунд хүрчээ. Өнөөдөр үүнийг постломоор санагдлаа.

Өнөөдөр харин юу юу өөр болсон байна вэ гэвэл дээрх сэтгэл гутралын шинж тэмдгүүд бүрэн арилжээ.

Учир юу вэ гэвээс би өөр нэг өнгө үзэмж сайтай даруулт завинд суугаад төрөлх хотоо орхиод аялалд гарсан юм. Аялалаас өөрийгөө болон бусдыг хайрлахын сайхныг мэдэрсэн.

Аялал бол өнөөх амьдралын том хөлөг онгоцонд суун яваа цаг хугацаанаасаа хулгайлахын нэр бус харин хэтэрхий хурдан цаг хугацааг удаашруулах, түүний үнэ цэнийг мэдрэх, байгаа зүйлсээ хүндлэн хайрлахын нэр байх аа гэж тансагаар тайлбарламаар байна.

Яг үнэндээ хэсэгхэн хугацааг байгалийн дэргэд өөрийгөө өчүүхнээр мэдэрч, эргээд би юу хийж чадаж байгаагаа үнэлэж өөрийгөө дэндүү энгийн хүмүүсийн хийдэггүй сонголтуудыг хийдэг эгэлгүй нэгэн гэдгээ дахин дахин бататган мэдэрсэндээ. Энэ бүгд эргээд бодоход ХАЙР байсан.

Өөрийн оршихуй сүнс, сэтгэл зүрхээ хайрлах хайр болон бусдын оршихуй, чин сэтгэлийг хайрлах хайр л байсан.

Энэ бүхнийг эргэцүүлээд бодоход ХАЙР л бидний хөлөг онгоцыг бүрэн бүтэн, эрүүл саруул, энх тунх хөдөлгөдөг аугаа хүч юм байна. Зорилго, хүсэл мөрөөдөл харин түүнийг чиглүүлсэн хэвээрээ л байх болно. Гэхдээ чи мөрөөдлөө ч хайрлаж байж урагшилна. Огтын хайргүй мөрөөдлөөр чи замаа залж чиглүүлж чадахгүй. Аль эсвэл өөр хүний амьдрал мөрөөдлөөр хөлөг онгоцоо удирдан чиглүүлж чадахгүй байх аа. Тэгвэл хаа нэг газар хүрээд гацах эсвэл бүрэн зогсох байхдаа.

Ингээд бодоход өөрийнхөө хүсэл мөрөөдлийг ч хайрлаж байж л урагшлах юм билээ.

Хайр бол хамгийн сайхан нь.

Тиймээс бид маш олон төрлийн сэтгэл гутралаас зөвхөн өөрийгөө хүлээн зөвшөөрч улмаар өөрийгөө чин сэтгэлээсээ хайрласнаар л ангижирч чадна.

Хайр байдаг гэдэгт үргэлж итгээрэй.

Гэрэл байж л таараа.

Ид шид бүхэн биелэдэг.

Итгэл үргэлж биелэдэг.

Хайр байдаг гэдэгт,

Хэн нэгэн чамайг хүүхэд шигээ хайрлана.

Чи ч түүнийгээ хайрлана.

Хамгаалуулна,

Энхрийлүүлнэ гэдэгтээ итгэ.

ИТГЭ.

Заримдаа өөр арга байдаггүй юм шиг байна.

Өөрийнхөө ХАЙРыг өнөөдөр би ингэж илэрхийлмээр байна.

Гоё үг, дулаан энгэр, үнсэлт, тэврэлт, гар, харц, инээмсэглэл, гэрэл, үнэнч сэтгэл, итгэл, тэмүүлэл, харилцан яриа, мөрөөдөл, дэмжлэг, урам, халамж, асуултууд, бүжиг, аялал, амтат зоог, тав тух, гэр, халуун хоол, дулаан шөнүүд, хуваалцах сэтгэл, эрч хүч, сэтгэлийн амар амгалан, тайвшрал, хийж бүтээхийн их хүсэл, ар тал, ноён нуруу, хань, хайр, хамтрал, гэр бүл, хүүхдүүд, хамтын ирээдүй, эвлэрэл, өнгөрсөн ба ирээдүй эх дэлхий, нар, байгаль…

Өөрийнхөө хайрыг үгээр бас үйлдлээрээ илэрхийлээд үзээрэй.

Өнөөдөр би хичээнээ. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй.

Jane with love x

as always

from Ulanbator shi

--

--